Бидний амьдарч буй гэр шиг дотно дулаан уур амьсгал бүрдүүлэх газар өөр хаана ч байхгүй. Гэхдээ танай гэр таны стрессдэх нэг шалтгаан болж байгаа юм биш биз дээ?
Ажлын урт цагийн дараа гэртээ ирэхэд угаалгын өрөө тань овоорсон бохир хувцсаар дүүрэн, гал тогоо тань угаагаагүй аяга тавгаар дүүрэн байдаг юм биш биз? Таны амьдарч буй гэр орон тань таны стресдүүлэх нэг шалтгаан болдог гэж та бодож үзсэн үү?
Тэгвэл судлаачдын үзэж буйгаар таны гэр орон таны сэтгэл санаанд нөлөөлдгөөс гадна таны эрүүл мэндэд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг байна.
Нийгмийн болон хувийн харилцааны сэтгүүлийн нийтэлсэн судалгаагаар гэр орны тав тухгүй байдлаас үүдэх стресс нь даамжирсаар гэр бүлийн 2 аль аль нь ажлын цагийн дараагаар гэртээ хүрч ирэн гэр ахуйн ажилтай зууралдах хүсэлгүй болгодог байна.
Тэгэхээр таны гэр орон таныг сэтгэл санаагаар унагаж байгаа юм биш биз? Сэтгэл гутрал гэдэг инээх зүйл огтхон ч биш юм. Үнэн хэрэгтээ бидний гэр орон нь ажлын ачаалал, сэтгэл санааг дээшлүүлж, тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлах үүрэгтэй, тав тухтай орчин байх ёстой байдаг.
Тэгвэл энерги сорогч орчныг хэрхэн сэтгэл санаа тайвшруулах ая тухтай орчноор өөрчилж болохыг доорх нийтлэлээрээ хүргэж байна. Ая тухтай орчинг бүрдүүлэх хамгийн эхний алхам нь – МИНИМАЛИСТ интерьер загвар юм.
Таны гэрийн интерьер таны сэтгэл санаанд шууд нөлөө үзүүлдэг
Таны гэрийн гэрэлтүүлэг, орон зай болоод өрөөний интерьер нь таны сэтгэл санааг нэг бол өргөж эсвэл унагаадаг нь олон арван судалгаагаар батлагдсан байна. Эдгээр судалгааны үндсэн дээр архитектурын шинэ шийдэл болох Невро-Архитектур (Neuro – Architechture) үүсэн байна. Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухаан болон архитектурын шийдлийг хослуулсан шинэлэг шийдэл болсон бөгөөд цаашлаад сэтгэл санааг архитектурын шийдлээр эмчлэх аргыг хослуулсан байна.
Сэтгэл санааг унагадаг гэр орны заримаас дурдвал:
Гэрийн жижиг, чамин эд зүйлс нь тоос татахаас гадна харшил үүсгэх магадлалтай
Гэрээ тойруулж нэг хараад үзээрэй. Таны ширээ болон гал тогооны тавилга, шүүгээ тань жижиг гэрийн декороор дүүрсэн юм биш биз? Эсвэл угаалгын өрөө тань угаах хувцсаар дүүрэн, таны ор болон буйдан тань олон төрлийн дэрээр дүүрсэн эсвэл бүх өрөөнд тань янз бүрийн жижиг хивсэнцэр байгаа юм биш биз дээ?
Мэдээж хэрэг та дээрх дурдсан эд зүйлсийг гэр орноо илүү тохитой тухтай болгохын тулд худалдан авсан нь ойлгомжтой. Харамсалтай нь эдгээр гэрийн декорууд нь таны гэрийг илүү замбараагүй, эмх цэгцгүй харагдуулдаг бөгөөд тоос их татдагаас үүдэн танд харшил өгөх сөрөг үр дагавартай байдаг. Бидний бэлтгэсэн энэхүү нийтлэлд агуулагдах зургийг та нэг хараарай. Олон давхар хивсэнцэр, жижиг сажиг сувенир гэх мэт зүйлс байхгүй бөгөөд МИНИМАЛИСТ хэв маягийг бүрэн шингээсэн хэдий ч тохитой тухтай шийдлүүд байгааг олж харах болно.
МИНИМАЛИСТ хэв маяг нь сэтгэл санааг өргөх боловч мэдээж хэрэг жижиг декорууд огт байхгүй байх нь эсрэгээрээ сэтгэл санааг хоосон болгодог тул гэр бүлийн зургийн жааз болон дуртай ном эсвэл дурсгалтай зарим нэгэн зүйлээр гэрээ чимэглэх бүрэн боломжтой.
Гэр орон энгийн бөгөөд тэгш хэмтэй байх тусмаа сэтгэл санаа тайван байдаг.
Хүний тархи гэдэг өөрөө инээдтэй бөгөөд төвөгтэй эрхтэн байдаг. Бидний тархи хэрхэн ажилладгийг магадгүй бид хэзээ ч ойлгохгүй байх, гэхдээ бидний тархи тэгш хэмд эерэг хариу үйлдэл үзүүлдгийг судалгаагаар тогтоосон байна.
Инээдтэй сонсогдох боловч буйдангийн 2 хажуу талд ижил гэрэл тавих, ижилхэн 2 ширээ тавих зэрэг нь биднийг аз жаргалтай болгодог байна.
МИНИМАЛИСТ хэв маяг нь загварын хувьд энгийн бөгөөд тэгш хэмтэй байдаг. Ийм ч учраас минималист гэр оронд орж ирэхэд аз жаргал мэдэрдэг байна. Миний хувьд гэр оронд байгаа илүү дутуу хог новш нь намайг маш их стресдүүлдэг бөгөөд тэдгээр хог новшийг хогийн саванд хаях тоолонд сэтгэл санаа тэр хэмжээгээр тайвширдаг. Танд ч мөн адил аливаа нэгэн хэрэггүй зүйлийг хаяж байж санаа тань амарч байсан удаа байдаг уу?
Тэгвэл, магадгүй бидэнд илүү МИНИМАЛИСТ гэр орны хэв маяг дутаад байна уу?
Өнгө бидний сэтгэл санаанд нөлөөлөх увдистай.
Ихэнх минималист шийдлүүд өнгөний хувьд маш энгийн бөгөөд гэгээлэг байдаг. Хэрэв анзаарсан бол минималист шийдлүүд байгалийн гэрлийг илүү тусгах зориулалттай том цонхтой байдгаас гадна ханын өнгө нь илүү завсрын өнгө байх нь олонтаа бөгөөд зарим тохиолдолд орчин үеийн улаан болон тод өнгийг, завсрын өнгөтэй мэдрэмжтэйгээр хослуулсан байдаг.
Байгалийн гэрэл болон завсрын өнгө нь гэр орныг илүү зайтай, чөлөөтэй харагдуулдаг бөгөөд ингэснээр бидний тархи тухайн өрөөнд бүрэн төвлөрөх боломжтой болдог.
Хэрэв та өрөөндөө өнгө нэмэхийг хүсвэл зохистой хэмжээгээр өнгө нэмэх хэрэгтэй. Жишээлбэл буйдан дээрээ улаан дэр нэмсэн бол ижил өнгийн вааз болон эсрэг талд нь ижил өнгөтэй зураг тавих мэтээр балансыг нь барих хэрэгтэй. Ингэснээр нэгэн хэвийн завсрын өнгөтэй өрөөг илүү сонирхолтойгоор өнгө нэмэх боломжтой юм.
Та орон сууцаа илүү ая тухыг мэдрүүлсэн, аз жаргалтай болгоход бэлэн үү? Хэрэггүй олон декороосоо салахад бэлэн үү? Энэ нь мэдээж хэрэг хувийн бүх хэрэгслээ хая гэсэн үг биш бөгөөд гэр орон энгийн, тэгш хэмтэй, балансыг барьсан байх тусмаа таны сэтгэл санааг өргөх увдистай юм. Танд амжилт хүсье!