Орон сууц худалдаж авч байгаа мөн худалдахад зуучилж байгаа аль аль тал нь таны байрны зах зээлийн үнийг бууруулах гэж хичээдэг. Орон сууц зуучлагчидийн хувьд ч тухайн байр нь зах зээлийн үнээс хямд байвал худалдахад маш хялбар амархан мөнгө болж хувирдаг учир юуны түрүүнд орон сууцны зах зээлийн үнээ маш сайн явж судлах хэрэгтэй.
Орон сууцны зах зээлийн үнээ мэдчихлээ гэхэд өөрөө зарах уу? Зуучлагчдад хандах уу гэдэг асуудал гарч ирдэг.
1. Өөрөө худалдах
Өөрөө худалдахаар бол та эхний ээлжид манай өмнөх нийтлэл болох
“Хямд зардлаар хэрхэн байрныхаа зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх вэ?” нийтлэлийг энд дарж үзнэ үү.
Өөрөө худалдахад тохиолддог эхний асуудал бол орон сууцны зураг байдаг. Зурагчид чадвараасаа хамааран 50-400 мянгын хооронд үнэлгээтэй байдаг. Одоо ихэнх зар интернет-д байршилтай болсон учир фото зураг маш чухал байдаг. Одоо үед сониноос зар харсан ч гэсэн зургаа facebook, email – ээр явуулчих гэдэг хүсэлт цөөнгүй ирнэ.
Зараа байршуулахдаа аль болох их мэдээллийг крил үсгээр мөн алдаагүй бичих хэрэгтэй. Жишээ нь: Ойр орчмын Сургууль, цэцэрлэг, автобусны буудал, үйлчилгээний төв, аюулгүй байдал, хүүхдийн тоглоомын талбай г.м
Хаана хандах вэ?
Монголын хамгийн олон хандалттай зарын вебсайт бол unegui.mn мөн zarmedee.mn zar.mn -д тавихад илүүдэхгүй.
Монгол улс Азидаа facebook-ийн хэрэглээгээр тэргүүн байр суурь эзэлдэг ба одоо үед бүх зүйлээ facebook-ээр судалдаг болсон. Түүнтэй холбоотойгоор орон сууц худалдааны цөөнгүй группууд байдаг.
Зарын шуурхай зар, зар мэдээ гэх мэт сонинуудад байршуулах мөн өдөр тутмын сонинд байршуулах.
Зарим тохиолдолд тухайн орон сууцны оршин суугчид ойр дотныхоо хүндээ хайж байдаг тул орцондоо зар тавихад илүүдэхгүй.
2. Зуучлагчид хандах
Монголд гадаад дотоодын цөөнгүй зуучлагч байгууллагууд байдаг. Тухайн байгууллагын нөхцөлөөс хамааран таны байрны үнийн дүнгийн 1-2% ийг зуучлалын шимтгэл болон авдаг. Тэд таны ажлыг маш ихээр хөнгөвчилдөг ба ихэнх тохиолдолд илүү хурдан худалдагддаг.