2000 оны эхнээс Улаанбаатар хотын барилгын хөгжлийн шинэ үеийн түүх эхэлдэг. Түүнээс өмнө, 5, 9, 12 давхар, нэгэн хэвийн угсармал барилгууд л зонхилдог байлаа. 2008 оны хямрал хүртэл орон сууц талхи шиг зарагддаг байлаа. Өөрөөр хэлбэл, энэ байдлаас, өөрийн гэсэн толгой хоргодох орох оронтой болох хүсэл бараг хүн болгонд байсан хэмээн дүгнэлт хийчихэд бараг буруудахгүй. Гэтэл одоо байдал өөр болжээ. Хүмүүс орон сууц худалдан авах шийдвэр гаргах, сонголт хийх тал дээр чамгүй мэдлэгтэй болж. Тэдэнд бас сонголт ч арвин болж. Гэхдээ, шинэ үеийн Монголчууд, гэр бүл, үр хүүхдээ чухалчилдаг эцэг эхүүд дараах шинж чанаруудыг орон сууцны барилгын төслөөс хайдаг.
Шинэ байр авахаар хайж буй бараг хүн болгоны хамгийн түрүүнд хайдаг зүйл. Байгальд ойр байх хүсэл нь Улаанбаатарын агаарын бохирдол, орчны таагүй байдал, байгальд гарахын тулд төвөгшөөмөөр олон үйлдэл хийх шаардлагатай болдогтой холбоотой. Орчин үеийн хүмүүс ногоон байгууламж гэдэгт зөвхөн зүлэг, модыг бус зусланд гарсан хойноо хийдэг зүйлсээ хийж болдог тийм орчинг хүлээдэг болсон. Тэгэхээр тэнд уул, мод, зүлэг, нуур, гол гээд байгальд байдаг бүхэн байх хэрэгтэй. Бас шорлог хийх газар хэрэгтэй. Алхах, гүйх, дугуй, скүүтэр унах, нарлах талбай бол наад захын асуудал. Орчин үеийн барилгууд байгальд мэт орчинг ландшафтаараа хэр сайн бүрдүүлснээрээ бусдаас ялгарч байна. Ирээдүйд орчинд, байгальд ойр байдалд хүмүүс бүр их ач холбогдол өгдөг болно.
Орчин үеийн хүмүүс их завгүй болсон. Тэд гэр бүлийнхнийгээ удаан хугацаагаар орхин, оройтож ажиллах нь олонтаа. Энэ үедээ тэд ар гэртээ, гэрийнхэндээ санаа зовохгүй байхыг хүсдэг. Энэ хэрэгцээг нь бүрэн хангасан хотхоныг тэд илүүд үздэг. Харилцааны соёлтой, сэтгэлтэй хамгаалалтын алба, хотхоны оршин суугчдыг болон тэдний эд хөрөнгийг эрсдлээс хамгаалах камержуулалттай байхыг тэд шаарддаг. Сүүлийн үед хотхоны бүх барилгууд хоорондоо холбогдсон, хүйтний улиралд гадагш гарахгүйгээр хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлсэн шийдлийг таашаах болсон байна билээ.
Орчин үеийн хүмүүс “орчин үеийн” амьдрахыг хүсэх нь гайхах зүйл биш. Орчин үеийн хүмүүсийг ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүйн адилаар орчин үеийн гэрийг ухаалаг автоматжуулалтгүйгээр төсөөлөх аргагүй. Үүнд, дижитал цоож, зураг дардаг хонх, гэрэл, хөшигний удирдлагаас авхуулаад ус алдалтын мэдрэгч, машины дугаар танигч хаалт, хөдөлгөөн мэдрэгч гэх мэт оршин суугчийн хөдөлмөрийг хөнгөвчилж, ая тух, амар тайван байдлыг хангах олон үйлдэл бүхий автоматжуулалтыг хүсч байна. Мөн орчин үеийн интерьертэй байх хэрэгтэй. Сүүлийн үед дизайнерууд интерьер дизайны олон урсгалуудыг холих, нэгтгэх, минималист чиг хандлагыг түлхүү ашиглах болсон. Бас орчин үеийн айл, хүмүүсийн амьдралын хэв маягт тохируулан өрөөний зохион байгуулалтыг хэрхэн хүний амьдрал, хэрэгцээнд уялдаа, хамааралтай болгон хийснээрээ өрсөлдөх болсон.
Барилгын чанар материалын чанараас гэж ёстой үнэн. Зөвхөн барилгад ч биш бүх л бүтээгдэхүүнийг чанартай хийхэд түүхий эдийн чанар чухал. 2 сая гаруй долларын үнэтэй Бугатти гэдэг машины эд ангиудыг алт, мөнгө, титан гэх мэт үнэт металын орцтой материалиар хийдэг учраас үнэтэй байдаг гэж сонсож байсан. Тиймээс шинэ байр авахдаа ашигласан материалиудыг сайтар судлаарай. Дараа нь чанартай материалыг “чанартайгаар”, ном журам, стандартынх нь дагуу ашиглаж, гүйцэтгэл хийсэн эсэхийг судлаж, шалгаарай. Дараагийн нэг анхаарах ёстой зүйл бол СӨХ. Манайд л ийм нэртэй болохоос биш проперти менежмент буюу тухайн үл хөдлөх хөрөнгийн хэвийн байдлыг шинээр ашиглалтанд орж байх үеийнх шиг урт хугацаанд хадгалах ажлыг хийдэг мэргэжлийн баг байдаг. Тэд хотхоны чанарыг, орчинг, оршин суугчийн сэтгэл ханамжийг урт хугацаанд өндөр байлгадаг. Орчин үеийн хэрэглэгчид авсан байр нь хэдхэн жилийн дараа хуучирч, муудан дахиад л хуучин байраа зарж, шинэ байр хайх амаргүй ажлыг дахин хийхийг хүсдэггүй. Тэд үнэ цэнэ нь ирээдүйд үл алдагдах үд хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахыг хүсч байна.